Монголын Холимог Тулааны Холбоо (МХТХ) нь шударга, цэвэр спортыг эрхэмлэн дээдэлж чиг үүргээ болгон ажилладаг. Холимог тулааны тамирчдыг Гүйцэтгэл сайжруулах эм бэлдмэлүүд (ГСЭБ) болон бусад төрлийн бодис хэрэглэлгүй цэвэр, шударгаар өрсөлдүүлэхийн тулд бид Дэлхийн допингийн эсрэг агентлаг (ДДЭА)-ийн дүрэм журам болон Олон Улсын Холимог Тулааны холбоо (ОУХТХ)-ны Допингийн эсрэг бодлоготой нийцүүлж үйл ажиллагаагаа явуулдаг.
ДДЭА-гийн Допингийн Эсрэг ДүрэмДэлхийн допингийн эсрэг агентлаг (ДДЭА) нь спорт дахь допингийн эсрэг хийх тэмцлийн тэргүүлэх байгууллага юм. ДДЭА-гийн Допингийн Эсрэг Дүрэм нь бүх спортын төрлүүдэд хэрэгжих допингийн эсрэг дүрэм журам, урьдчилан сэргийлэх, илрүүлэг болон хариуцлага хүлээлгэх үйл явцуудыг нэгтгэж тодорхойлсон бичиг баримт юм.
Хориглосон Бодисууд ба Аргууд
ДДЭА-аас тамирчдын зайлсхийх ёстой хориглосон бодисууд болон аргуудын жагсаалтыг хөтөлж, шинэчилж байдаг. Үүнд зарим эм бэлдмэл, даавар болон тамирчдад шударга бусаар давуу байдал өгөх допингийн аргууд багтана. Тэмцээн болон тэмцээнээс гадуур хориглосон бодис, аргуудын талаар тогтмол зөв мэдээлэлтэй байх нь бүх тамирчдын өөрсдийн үүрэг хариуцлага юм.
Шинжилгээ ба Илрүүлэлт
Допингийн эсрэг шинжилгээг тамирчдаас тэмцээний үеэр болон тэмцээний дараа авч болно. Тамирчид хориглосон бодис хэрэглэсэн эсэхийг илрүүлэх зорилготой энэхүү шинжилгээг үндэсний болон олон улсын допингийн эсрэг байгууллагууд зохион байгуулж, авсан сорьцыг ДДЭА-аас итгэмжлэгдсэн лабораториудад шинжилдэг. Тамирчид тус шинжилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай бөгөөд санамсаргүй шинжилгээг ямар ч үед хийж болно.
ДДЭА–гийн Допингийн Хяналтын Үйл Явц
Эмчилгээний Зориулалттай Хэрэглэх Зөвшөөрөл (TUE)
Эмчилгээний зориулалтаар хориглосон бодис хэрэглэх шаардлагатай тамирчид Эмчилгээний Зориулалттай Хэрэглэх Зөвшөөрөл (TUE) авах хүсэлт гаргаж болно. Үүний тулд эмчийн бичгийг зохих газраар хянуулж, тухайн бодис нь эмчилгээнд зайлшгүй шаардлагатай гэдгийг баталгаажуулсан байх ёстой. TUE нь тамирчдад шаардлагатай эмнэлгийн тусламж авах боломжийг олгож, тэмцээнд шударга байдлыг хадгалах нөхцлийг бүрдүүлдэг.
Допингийн Зөрчилд Оногдуулах Шийтгэл
Допингийн зөрчил гаргасан нь тогтоогдсон тамирчдад зөрчил нь хэр зэрэг ноцтой байхаас хамаарч төрөл бүрийн шийтгэл оногдуулдаг. Үүнд эрх хасах, шагнал хураах, тэмцээнээс түдгэлзүүлэх, эсвэл бүх насаар нь тэмцээнд оролцох эрхийг нь хасах шийтгэлүүд багтдаг. МХТХ нь ДДЭА-ийн гаргасан шийдвэрүүдийг дагаж, аливаа зөрчилд зохих ёсны шийтгэл оногдуулахыг зорин ажилладаг.
Боловсрол ба Мэдлэг Олгох
Допинг болон цэвэр спортын ач холбогдлын талаар тамирчид, дасгалжуулагчид бусад хүмүүст мэдлэг боловсрол олгоход МХТХ онцгой анхаарч ажилладаг. Бид ДДЭА болон ОУХТХ-той хамтран допингийн сөрөг үр дагавар болон санамсаргүй зөрчлөөс зайлсхийхэд хэрэгтэй мэдлэг мэдээллийг оролцогч талуудад өгөхийг хичээдэг.
ОУХТХ-ны Допингийн Эсрэг Бодлого
Олон Улсын Холимог Тулааны Холбоо (ОУХТХ) нь цэвэр, шударга спортын талаарх ДДЭА-ийн үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрч хамтран ажилладаг. ДДЭА-ийн Дүрэмтэй нийцүүлсэн ОУХТХ-ны Допингийн Эсрэг Бодлого нь холимог тулааны спорт дахь шударга өрсөлдөөнийг дэлхий даяар хадгалж хамгаалахад чиглэсэн олон үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлдэг.
ДДЭА-гийн Дүрэм журмыг дагаж мөрдөх
ОУХТХ нь допингийн эсрэг хийж буй дэлхий нийтийн тэмцэлд нэгдэж ДДЭА-гийн Допингийн Эсрэг Дүрэм журмыг дагаж мөрддөг. ОУХТХ-ны бүх гишүүд, үүнд МХТХ багтана, ДДЭА-гийн Допингийн Эсрэг Дүрмийг дагаж мөрдөх ёстой. Үүнд допингийн эсрэг боловсрол олгох хөтөлбөрүүд, шинжилгээний протоколууд болон шийтгэл оногдуулах системийн хэрэгжүүлэлт багтана.
ДДЭА-ийн Тест тоглоом
https://quiz.wada-ama.org/
ОУХТХ-ны Тэмцээнүүдэд хийгдэх Допингийн Эсрэг Шинжилгээ
Допингийн эсрэг баримтлах үндсэн бодлогынхоо хүрээнд ОУХТХ нь олон улсын тэмцээнүүдийнхээ үеэр допингийн эсрэг шинжилгээ явуулдаг. Шинжилгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн допингийн эсрэг байгууллагууд гүйцэтгэж, тамирчид допингийн эсрэг стандартуудыг хэрхэн дагаж мөрдөж байгааг шалгадаг. Тамирчид тэмцээнээс өмнө, тэмцээний үеэр эсвэл тэмцээн дууссаны дараа шинжилгээнд хамрагдаж болно.
Дэлхийн Допингийн Эсрэг Хамтын Ажиллагаа
ОУХТХ нь ДДЭА, Үндэсний допингийн эсрэг агентлагууд (ҮДЭА) болон бусад олон улсын байгууллагуудтай хамтран холимог тулааны спорт дахь допингийн эсрэг тэмцдэг. Орон нутгийн зэрэглэлийн тэмцээнүүдээс эхлээд олон улсын түвшний тэмцээнүүдэд допингийн эсрэг дүрэм журам зохих ёсны дагуу хэрэгжих боломж нөхцлийг ОУХТХ нь эдгээр хамтын ажиллагаагаар дамжуулан хянаж хангадаг юм.
Боловсрол ба Урьдчилан Сэргийлэх
Допингийн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэхэд боловсрол мэдлэг туйлын чухал ач холбогдолтой. ОУХТХ-ны гишүүн холбоодууд нь допингийн аюул болон цэвэр шударга өрсөлдөхийн ач холбогдлыг тамирчид болон албаны хүмүүст ойлгуулах зорилгоор допингийн эсрэг сургалт семинар зохион байгуулж, бүх төрлийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан мэдлэг түгээх үүрэгтэй. Эдгээр арга хэмжээнүүд нь допингийн зөрчлүүдийг бууруулах, түүний үр дагаврын талаар мэдлэг мэдээлэл өргөн хүрээтэй олгоход чухал үүрэгтэй.
ОУХТХ Допинг хэрэглэхийн үр дагавар
https://immaf.org/wp-content/uploads/2021/12/IMMAF-Consequences-of-Doping.pdf
Шударга Тамирчдыг Дэмжих
ОУХТХ–ны Допингийн Эсрэг Бодлого нь бүх тамирчдад ижил тэгш шаардлага тавих байдлаар шударга өрсөлдөж буй тамирчдыг дэмждэг. Гишүүн холбоод нь тамирчдад хориглосон бодис ашиглахын үр дагаврыг таниулж, шударгаар өрсөлдөхийн ач холбогдлыг ойлгуулж байх нь чухал юм.
ОУХТХ Тамирчдын Эрхийн Дүрэм
Зөрчил Мэдэгдэх
Допингтой холбоотой сэжигтэй үйл явдлыг мэдээлэхийг хувь хүмүүст ОУХТХ уриалдаг. Мөн зөрчлийн талаарх мэдээлэл хүргүүлж буй хүний нууцыг чандлан хадгалж, тамирчдад цэвэр, шударга орчинд өрсөлдөх боломж нөхцлийг бүрдүүлдэг.
ОУХТХ Мэдээлэл хүргүүлэх
Цэвэр, шударга спортыг дэмжих бидний амлалт
МХТХ нь Монгол улсад холимог тулааны спорт дахь цэвэр, шударга байдлыг хангахыг зорин ажилладаг. Үүний тулд бид ДДЭА болон ОУХТХ-ны допингийн эсрэг дүрэм журмыг жишиг болгон баримталж, үйл ажиллагаандаа тусгадаг. Спорт дахь допингийн хэрэглээг зогсоох, урьдчилан сэргийлэх, мэдлэг мэдээлэл түгээж, олон нийтэд түгээх нь энэхүү ажлын маань нэг хэсэг юм.
Цэвэр, шударга өрсөлдөөн нь Холимог тулааны спортын хөгжилд онцгой чухал ач холбогдолтой. Бид ДДЭА болон ОУХТХ-той хамтран тамирчин бүрт өөрийн хүч хөдөлмөр, ур чадвараа шударгаар үнэлүүлж, үр дүнг нь хүртэх боломжтой эрүүл, цэвэр өрсөлдөөнтэй орчин нөхцлийг бүрдүүлэхийг зорьж байна. Үүнд холимог тулааны спорттой хамааралтай, энэ гэр бүлийн гишүүн бүр санаа тавьж, оролцож байх нь чухал юм.